Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд сургалтад хамрагдаж байна

viber_image_2023-11-27_13-09-37-580-7cfmc4tfvxs0it28pe0a2etm8a6mh8z1avus237f3nk.jpg

Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийн удирдлага ба тогтвортой хөгжил” сэдэвт сургалтад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан 14 алба хаагч оролцож байна.

 Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдийг олон улсын сайн туршлагаас суралцах, хот суурин газрын гамшгийг даван туулах чадавх, гамшгийн улмаас хөгжлийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй ойлголт мэдлэгийг олгох зорилготой тус сургалт ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ.
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаад таван жил болж байна.
Аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг иргэд, салбарын оролцоотойгоор  үр дүнтэй авч хэрэгжүүлэх, улмаар иргэд олон нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах нь энэхүү орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
scroll to top