Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-р сарын 1,2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 2 дугаар гудамжинд иргэн Н-ын эзэмшлийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 12:33 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзал хэсгийн 1 дүгээр гудамжинд иргэн Ш-ийн гэр, эд зүйлсийн хамт шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 15:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 16:02 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 28 дугаар байрны зоорийн давхарт иргэн Б-ийн гутал засварын үйл ажиллагаа явуулдаг өрөөнд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 08.30-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 16:36 цагт очиж, арьс нимгэлдэг төхөөрөмж, вакум хаалт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.31-ний өдрийн 05:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 05:34 цагт очиж эзэн нь тодорхойгүй 5 хантай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top