“Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрт хамаатай”

9aa001a14aabeaaa5b03a9667eebaf0a.jpg

Жил бүр жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны үеэр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох тэмцлийг эрчимжүүлж, энэ тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлдэг. Дэлхийн энэ хөдөлгөөн жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийт хохирогчдын олонх болох охид эмэгтэйчүүдэд шаардлагатай хөрөнгө нөөцийг хуваарилж, хүчирхийллийг өөгшүүлж буй жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд олон нийтийн оролцоог эрчимжүүлж ирлээ.

Дэлхий дахинаа 30 дахь жилдээ болж буй 16 хоногийн энэ аян 11 сарын 25 буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр эхэлж, 12 сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдөр хүртэл үргэлжилдэг. Монгол улс 1997 оноос энэхүү 16 хоногийн аяныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт сайжирч, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааа бүх түвшинд өргөжиж байна.

2018 онд үндэсний түвшинд явуулсан Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаанаас үзэхэд 2 монгол эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа ойр дотно хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэлд өртсөн бол 3 эмэгтэй тутмын нэг нь өнгөрсөн 12 сарын хугацаанд дор хаяж нэг удаа хүчирхийлэлд өртсөн байна. Мөн бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3%, бэлгийн хүчирхийлэлд 14%  нь өртөж, хүчирхийллийн ихэнхийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна. Мөн Монгол улсын ХҮЭК-ийн мэдээлсэнээр эмэгтэйчүүд, залуучууд ажлын байранд бие махбод, сэтгэл зүй, бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөх эрсдэл маш өндөр байна. 2021 онд тус комиссын хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд оролцсон төрийн захиргааны 3000 албан хаагчийн 78% нь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх мэдээлэлгүй, дөрөвний нэг нь бэлгийн хүчирхийлэл, дарамтад дор хаяж нэг удаа өртсөн гэж хариулжээ. Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход гүйцэтгэх үүрэг ролио хүн бүр ухамсарлаж, хүний эрхийг бүгд хүндэлдэг, хамгаалдаг, хүчирхийллээс ангид нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах амлалтаа дахин бататгахыг та бүхэнд уриалж байна.

scroll to top