КОВИД-19: Эцэг эхчүүд юу мэдэх ёстой вэ? Өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар

Covid-19-response-cover-image.png

КОВИД-19-ийн цар тахал нь дэлхий дахинд тархаж, дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлсээр байна. КОВИД-19-ийн халдвар тархах тусам түүнтэй зэрэгцэн худал ташаа мэдээлэл тархаж, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хандлагыг улам дэврээсээр байна. НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран айдас түгшүүр бүхий худал ташаа мэдээллээс илүү найдвартай удирдамж, зөвлөмж боловсруулан нэвтрүүлэх, баримттай, мэдээллийг сурталчлах, гэр бүл, хүүхдийн эрх ашигт нийцсэн, гарч болзошгүй зарим асуултад хариу өгөх чиглэлээр ажиллаж байна.

КОВИД-19 гэж юу вэ?

Коронавируст халдвар 2019 (КОВИД-19)-ийн товчилсон үг  “КО” гэдэг нь корона, “ВИ”  нь вирус, ‘Д’ нь  diease буюу англиар өвчин гэсэн үгийн нийлэмж бөгөөд БНХАУ-ын Ухань хотод анх тогтоогдсон коронавирусийн шинэ омгийн улмаас үүссэн халдварт өвчин юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага КОВИД-19-ийг цар тахал гэж тодорхойлсон нь ямар утгатай вэ?

КОВИД-19-ийг цар тахлын шинж чанартай гэж тодорхойлсон бөгөөд энэ нь уг вирус үхлийн аюултай гэсэн үг биш юм. Харин энэ өвчний дэлхий дахины газарзүйн бүсийн тархалтыг хүлээн зөвшөөрсөн утгатай үг юм.

КОВИД-19-ийн илрэх шинж тэмдэг ямар байх вэ?

КОВИД-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй байдаг тул КОВИД-19-ийн халдвар туссан тохиолдлыг батлахын тулд шинжилгээ хийх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд, хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.

Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин, бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг шинж тэмдэг орно. Эдгээр шинж тэмдгээс гадна нялх хүүхдэд хоолондоо дургүй болох огиулах, бөөлжих шинж гарна.

Бүх насны хүүхэд КОВИД-19-ийн халдвараар өвчилж болно. Хүүхэд болон насанд хүрэгчдэд ижил төстэй шинж тэмдэг илэрдэг ч ерөнхийдөө хүүхдүүд насанд хүрэгчдээс харьцангуй хөнгөн өвчилдөг. (“КОВИД-19 хүүхдэд нөлөөлдөг үү?” сэдвийг үзнэ үү).

Амьсгалахад хүндрэлтэй байх, амьсгал сулрах эсвэл хурдсах (шуухитнах, нярай хүүхэд хөхөө хөхөж чадахгүй байх), уруул, царай хөхрөх, цээжээр өвдөх, хүндрэх, толгой эргэх, цочиж сэрэх, тайван бус болох, тоглох дургүй болох, шингэн зүйл ууж чадахгүй байх, ходоод гэдсээр хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж дуудах шаардлагатайг илтгэнэ.

Томуугийн вакцинаар өөрийгөө болон хүүхдээ цаг тухайд нь вакцинжуулах талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй.

КОВИД-19-ийн вирус хэрхэн халдварладаг вэ?

Вирус нь халдвар авсан хүний ​​амьсгал, агаар дусал (ханиалгах, найтаах, ярих, дуулах үед үүсдэг) ​​нь ойролцоох хүмүүсийн ам, хамар, нүд рүү орох замаар ихэвчлэн халдварладаг. Хүмүүс вирусээр бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэж, халдвар авдаг. КОВИД-19-ийн вирус нь гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдрийн турш амьдрах боломжтой боловч энгийн ариутгагч бодист устгах боломжтой.

Вирус агаараар дамжин тархаж буйг агаар дуслын замаар халдварлах гэж нэрлэдэг бөгөөд эрүүл мэндийн зарим байгууллагын орчинд эмнэлгийн ажилбар хийх үед агаарт удаан хадгалагддаг аэрозоль хэмээх жижиг дусал үүсгэдэг. Нэмж дурдахад, богино зайд агаараар дамжин халдварлах магадлал өндөр, ялангуяа агааржуулалт муутай, хөдөлгөөн ихтэй битүү орчинд халдвар авсан хүмүүс бусадтай ойр зайд удаан хугацаанд хамт байснаар халдвар тархдаг тухай мэдээллийг та сонссон байх. Одоогийн байдлаар КОВИД-19-ийн халдвар агаар дуслын замаар холын зайд дамждаггүй гэж үзэж байна.

КОВИД-19-ийн халдвар нь гол төлөв шинж тэмдэг илэрсэн үед (бага зэргийн шинж тэмдэг) хүмүүст дамждаг бөгөөд шинж тэмдэг илрэхийн өмнөх үед, удаан хугацаанд бусадтай ойрын зайд хамт байх үед халдварлах боломжтой. Шинж тэмдэг огт илрээгүй хүн ч вирусийг бусдад дамжуулдаг бөгөөд энэ нь хэр зэрэг халдварлах чанартай талаар судалгаа хийгдэж байна.

КОВИД-19-ийг үүсгэдэг вирусийн хувилбарууд байдаг тухай сонслоо. Энэ юу гэсэн үг вэ?

Цаг хугацаа өнгөрөхөд вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл юм. КОВИД-19-ийг үүсгэдэг коронавирусийн шинэ хувилбарууд илүү хурдацтай тархах, хүнд өвчлөл үүсгэх, вакцины үр дүнд нөлөөлөх эсэхэд мэргэжилтнүүд байнга хяналт тавьж, судалгаа хийж байна. Вирусийн зарим шинэ омог илүү хурдан халдварлах чадвартай гэж үзэж байгаа боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэсэн нотолгоо байхгүй байна.

КОВИД-19-ийн халдварын дэгдэлтийг сааруулах, таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга бол вирус тархахаас урьдчилан сэргийлж, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, маск зүүх, дотоод орчны агаар сэлгэлтийг сайтар хийх зэрэг зөвлөмжийг хүн бүрд өгч, байнга дагаж мөрдөх явдал юм.

Өөрийгөө болон бусдыг КОВИД-19-өөс хэрхэн хамгаалж чадах вэ?

Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд та болон танай гэр бүлийн гишүүдийн дагаж мөрдвөл зохих зарим урьдчилан сэргийлэх зөвлөмжийг энд оруулав. Үүнд:

  • Гараа савантай усаар угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр байнга халдваргүйжүүлэх хэрэгтэй. (Уншаарай: КОВИД-19-өөс хамгаалахын тулд гар угаах талаар мэдэх ёстой бүх зааварчилгаа);
  • Ханиах, найтаахдаа ам, хамраа амны цаасаар таглах, эсвэл гарын шууны дотор тал руу ханиах. Хэрэглэсэн амны цаасыг нэн даруй хаях;
  • Бусдаас дор хаяж 1 метрийн зай барих;
  • Гар утас, хаалганы бариул, гэрлийн унтраалга, тавцан гэх мэт байнга хүний гар хүрдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, ариутгах;
  • Хэрэв та эсвэл таны хүүхэд халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох эсвэл КОВИД-19-ийн бусад шинж тэмдэг илэрвэл аль болох эрт эмнэлгийн тусламж авах;
  • Олон хүн цугласан газар, агааржуулалт муутай давчуу, битүү газраас зайлсхийж, олон нийтийн газарт хүн хоорондын зайг тогтмол барих;
  • Хүн амын дунд халдвар тархсан үед болон хүн хоорондын зай барих боломжгүй олон нийтийн амны хаалт зүүх;
  • Бүх өрөө тасалгааны агаарыг тогтмол сэлгэх;

Амны хаалт зүүхдээ халдвар дамжих эрсдэлээс сэргийлэхийн тулд  зөв хэрэглэж, хаях нь чухал. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутамд сольж, зөвхөн нэг удаа хэрэглэнэ.

Амны хаалт зүүх нь дангаараа халдварыг зогсооход хангалтгүй тул гараа тогтмол угааж, найтаах, ханиалгах үедээ ам хамраа таглах, ханиад, томуу төст шинж тэмдэг (ханиалгах, найтаах, халуурах) шинж тэмдэгтэй хүнтэй ойрын зайнаас харьцахаас зайлсхийх хэрэгтэй.

Хэрэв миний хүүхдэд КОВИД-19 халдварын шинж тэмдэг илэрвэл юу хийх вэ?

Эмнэлэгт хандах шаардлагатай, гэхдээ ханиалгах, халуурах зэрэг КОВИД-19-ийн шинж тэмдэг нь элбэг тохиолддог ханиад, томуутай адилхан гэдгийг санаарай.

Гарын болон амьсгалын замын эрүүл ахуйн заавар, дэглэмийг мөрдөж, гараа тогтмол угааж хүүхдээ бусад вирус, бактерийн гаралтай өвчин эмгэгээс хамгаалаарай.

Ханиад, томуу гэх мэт амьсгалын замын бусад халдварын нэгэн адил шинж тэмдэг танд болон таны хүүхдэд илэрвэл эртхэн эмнэлэгт хандаж, бусдад тараахаас сэргийлэхийн тулд олон нийтийн газар (ажлын байр, сургууль, нийтийн тээвэр) явахаас зайлсхийгээрэй.

scroll to top