ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИО ӨНӨӨДӨР ДУУГАРНА

54437002_444627036277793_6325792425285517312_n.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн  аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу энэ сарын 25 буюу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадвар эзэмшсэн байх нь чухал юм.Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн бэлэн байдлын төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө  энэхүү дадлага сургуулийн үед туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтойг Онцгой байдлын байгууллагаас иргэдэд зохион байгуулдаг Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах сургалтандаа сургаж, чадавхижуулдаг юм.

Жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн “Пүрэв” гаригт 16 цагт Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орж дадлага сургуульд оролцдог. Эхний дохио дуугарахад: Иргэн та “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж чичирхийлэл намдтал хүлээнэ.

Гудамжинд явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, аюулгүй талбайд очиж биеэ хамгаалан сууна. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд ослын гэрлээ асаан бусад жолооч нарт анхааруулан замаас гарч тээврийн хэрэгслийг унтраана.

Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан нэгийн цуваанд  орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларна. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй.

Гурав дах дохио дуугарахад өөрийн харъяалалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгч ажиллах хэрэгтэй.

Энэ жилийн хувьд Нийслэлийн хүрээнд дохио дугарах боловч коронавируст /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай уялдан иргэдийг дохиогоор түр цугларах аюулгүй цэгт гаргах, сургалт дадлага явагдахгүй цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар ажиллаж байна.

scroll to top